ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?

Та гольфоор хичээллэж эхлэхийг хүсэж байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай.

  1. Гольфийг тоглож үзэхгүйгээр интернэтээс дүрэм уншаад та тийм амар ойлгохгүй. Шууд хэн нэгэнтэй гольфийн талбай гарсан ч гэсэн хүндрэлтэй санагдах болно. Иймд хамгийн амархан байдлаар ойлголттой болох, үндсэн дүрмийг ойлгох газар бол screen golf юм. Screen golf гэдэг нь тасалгаан дотор зориулалтын хана руу бөмбөгийг цохих бөгөөд, үүнийг тусгай мэдрэгчийн тусламжтайгаар уншиж, дэлгэцэн дээр таны бөмбөгний нисэлтийг харуулна. Компьютер тоглоомуудаас ялгаатай нь таны цохилтыг гадаа цохих цохилттой чинь маш ойролцоо нарийвчлалтай гаргадаг. Ингэснээр та бүтэн тоглолт, дасгал хийж болох бөгөөд гольфийн үндсэн зарчмууд маш ойлгомжтой болж ирдэг. Улаанбаатар хотод хэд, хэдэн байршилд screen golf үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд та зөвхөн биед эвтэйхэн хувцасаа аваад очиход цохиур хэрэгсэл бэлэн байгаа. (Вебсайтын Анхлан сонирхогчдод булангаас Screen golf гэж үзнэ үү)
  2. Star screen golf, JSL screen golf дээр гольфийн багш нар сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Хэд, хэд тоглож үзсэний дараа үнэхээр энэ спортоор хичээллэж үзмээр санагдвал мэргэжлийн багшаас хичээл авч эхлэвэл маш их цаг хугацаа хэмнэнэ. Эхнээсээ буруу сурсан дадал, зуршил, техникийг хожим засахад хүндрэлтэй байдаг. (Вебсайтын – Анхлан Сонирхогчид – Сургалт хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу)

    3. Screen golf тоглож үзээд, багшаас сургалт авсны дараа үргэлжлүүлэн тогломоор санагдаж байвал одоо цохиур авах талаар бодож үзэх цаг. Цохиур маш олон төрлийн үзүүлэлттэй, олон янзын зориулалттай байж болно. Иймд олон дахин зардал гаргахгүйн тулд мөн туршлагатай тоглогчдоос, багш нараас зөвлөгөө авч өөртөө тохирох цохиураа хайх хэрэгтэй. Биеийн өндөр, жин, гарны хэмжээ, свингийн хурд, таны нас, хүйс гээд олон зүйлийг харгалзаж байж илүү өөртөө тохирсон цохиураа сонгоно. Анхлан сурч байгаа хүмүүс ихэвчлэн хямд төсөр, интернэтээр зарагдаж байгаа Солонгосоос ирсэн маш хуучны цохиур сонгох алдаа гаргадаг. Энэ цохиурууд ихэвчлэн олон төрлийн цохиур холилдсон, грип нь муудсан байдаг учраас удалгүй дахиад солих, нэмэлт зардал гаргахад хүргэнэ. Шинэ цохиур бол гаднаас захиж болно, эсхүл хэн нэгэн тоглогчийн тоглож байсан second hand боломжийн үнэтэй цохиур олдох боломжтой.

    4. Цохиуртай болоод авсан бол screen golf-с гадна гадаа бодит орчинд цохиж үзэх хэрэгтэй. Mt.bogd, Riverside golf club, Baga tenger -т байрлалтай driving range буюу дасгалын талбай байгаа. Энд та бөмбөгөө сагсаар нь аваад дасгал хийх боломжтой. (Вебсайтын – Анхлан сонирхогчдод – Driving range хэсгээс үзнэ үү)

    5. Энэ бүх алхмын дараа та талбай гарвал танд бүх зүйл ойлгомжтой байх болно. Амжилт хүсье.

Golf dress code ????️‍♂️⛳️
Гольфийн хувцасны талаар анх гольф сонирхож байгаа хүмүүс их асуудаг. Ямар хувцас өмсөх вэ? Заавал цагаан өмд өмсөх юм уу? гэх мэтчилэн…
Гадны ихэнхи үнэ өндөртэй гольфийн талбай заавал dress code шаарддаг. Жинсэн өмд, захгүй цамцтай очвол таныг шууд буцаана. Энэ нь тухайн талбайн соёлоос гадна таны өөрийгөө хүндлэх соёлыг давхар илэрхийлж байгаа хэрэг. Зарим тохиолдолд олон нийтийн public course нэг их өндөр шаардлага тавихгүй байж болно.
Ерөнхийдөө гольфийн хувцаслалт нь гольфийн соёлын маш том хэсэг бөгөөд өнөө үед спорт хувцасны шинжлэх ухаантай уялдан улам бүр энгийн мөртлөө тансаг болж байна.
Малгай
Уламжлалт саравчтай малгай (янз бүрийн эрээн алаг өнгөтэй л биш бол), кепка төрлийн малгайг танд зөвлөж байна.
Цамц
Захтай поло цамц хамгийн тохиромжтой. Гольфийн зориулалтын поло цамцнууд суналт сайтай, хөлөргөхгүй, тэлээнээс дээш сугараад байхааргүй байдаг. (Полог заавал дотуур нь оруулж өмсдөг)
Өмд, тэлээ
Даавуун энгийн өмднүүд тохиромжтой. Учиргүй том аралтай л биш бол ихэнхи тэлээ зөвшөөрөгдөнө. Шорт бас байж болох бөгөөд хажуудаа олон халаасгүй энгийн загвартай зүгээр. Зориулалтын өмднүүд байдаг бөгөөд суналт сайтай, тодорхой хэмжээнд усны хамгаалалттай байдаг. Эмэгтэйчүүд мөн адил өмд, шорт өмсөж болохоос гадна зориулалтын юбка байж болдог.
Гутал
За мэдээж сагсны пүүз танд зөвлөхгүй. Хатуу ултай, төмөртэй, өсгийтэй гутлыг мөн талбайнууд хориглодог. Энэ нь талбайн green-г гэмтээх аюултай. Энгийн зөөлөн ултай, тэнцвэртэй пүүз байж болдог. Ер нь бол аль болох зориулалтын гутал авбал танд эвтэйхнээс гадна осол гэмтлээс сэргийлнэ. Олон хүн зориулалтын бус гутал өмссөнөөс болж хальтирж, тээгэлж шагайгаа гэмтээх тохиолдол гардаг. Зориулалтын гутал нь усны хамгаалалтаас гадна, маш тэнцвэртэй, шагайны хамгаалалттай, зарим тохиолдолд уландаа спайк буюу сэнс маягын зүйлээр тоноглогдсон байдаг.
Бээлий
Заавал зориулалтын бээлий өмсөнө. Цохиур гараас хальтрах, бугуйг гэмтээхээс сэргийлнэ.
Screen golf тоглоход ямар хувцас өмсөх вэ?
Энд та өөрийн биед тохирсон ямар ч хувцастай ирж болно. Ганцхан зүйл битгий мартаарай. Гадны гутлаа солиод цэвэрхэн пүүз ч юм уу хальтраад байхгүй эвтэйхэн гутал авчраад өмсөх. Битүү орчин, дээрээс нь цохиураар цохих тоолонд нүдэнд харагдахгүй тоос хөөрч байгаа учраас зөвхөн дотор өмсдөг цэвэрхэн гутал эрүүл мэндэд тань тустай шүү.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.