Түгээмэл асуулт, хариулт

Холбооны гишүүн болохоор яадаг вэ? Яаж гишүүн болох вэ?

Дөнгөж гольф тоглож эхлэхээр сонирхож байгаа бол заавал холбооны гишүүн болох шаардлагагүй. Нэн тэргүүнд сургалт авах эсвэл screen golf тоглож үзэх нь тохиромжтой. Үүний дараа гольф үргэлжлүүлэн тоглохоор шийдэж талбай дээр тоглох, тэмцээн уралдаанд оролцох сонирхол төрвөл холбооны гишүүн болвол зүгээр. Холбооны гишүүн болсноор холбооны үйл ажиллагаанд оролцохоос гадна, дэлхийн хандикапын системд бүртгэлтэй болох, өөрийн хандикапыг тогтоолгох, оноогоо бүртгэх, холбооны бүртгэлтэй тэмцээн уралдаан оролцох, хамтран ажилладаг гольфийн талбайгаас хөнгөлөлт авах зэрэг боломжууд байдаг.

Гишүүн болохтой холбоотой мэдээллийг вебсайтын “Бидний тухай – Гишүүнчлэл” хэсгээс үзнэ үү.

Танайх сургалт явуулдаг уу?

Монголын Гольфийн Холбооноос албан ёсоор сургалт явуулдаггүй. Харин гольфийн багш нартай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг дэмжих, суртачилах бодлого баримталдаг.

Багш нарын мэдээлэл авах бол вебсайтын “Анхлан сонирхогч – Сургалт” хэсгээс мэдээлэл авч болно.

Холбооноос гольф анхлан сонирхож байгаа хүмүүст зориулсан гольф танилцуулах өдөрлөг, анхан шатны нэг удаагийн сургалтыг сард нэг удаа явуулна. “Мэдээлэл – Арга хэмжээ” хэсгээс үзнэ үү.

Гольф тоглоход ямар үнэтэй байдаг вэ?

“Анхлан сонирхогч – Талбай, Screen golf” хэсгээс гольфоор хичээллэх, тоглох боломжтой газруудын мэдээллийг авна уу?

Гольфийн талбай 18 нүх тоглоход тухайн талбай, талбайн гишүүнчлэлийн бодлогоос хамаарч 80-320 мянган төгрөгийн хооронд байна.

Screen golf – ууд 18 нүх тоглоход 20-30 мянган төгрөгийн үнэтэй байдаг.

Driving range 90 бөмбөг 20-40 мянган төгрөгийн хооронд үнэтэй байдаг.

Цохиур, хэрэгсэл хаанаас авах вэ? Ямар үнэтэй байдаг вэ?

Дөнгөж хичээллэж эхэлж байхад заавал цохиур, хэрэгсэл авах шаардлагагүй. Screen golf дээр ашиглах бол цохиур үнэгүй хэрэглэж болдог. Driving range дээр цохиур түрээслэж болно.

Тодорхой хугацаанд хичээллэж үзсэний дараа туршлагатай тоглогч, багш нараас зөвлөгөө авч өөрт тохирсон цохиур сонгох нь зүйтэй.

Цохиур сонгоход таны хурд, өндөр, жин, гарын алганы хэмжээ зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж сонгодог.

Шинэ цохиур худалдан борлуулдаг дэлгүүр бараг байхгүй бөгөөд гольф сонирхогчид ихэвчлэн интернэтээр буюу гадны орноос захиж авна. Шинээр сурч байгаа хүмүүс заавал шинэ, үнэтэй цохиур авах шаардлага байхгүй. Second hand буюу хэрэглэж байсан цохиурыг гольфийн фэйсбүүк зарын групп, үнэгүй.мн зэрэг газраас 300 мянгаас 1.5 сая төгрөгийн хооронд худалдан авах боломжтой.

Гадаадаас ирсэн цохиур байна, яаж зарах вэ? Page хуудас дээрээ зар оруулаад өгөөч.

Гольфийн талаар ойлголтгүй хүмүүс Солонгосоос ирсэн хэт хуучирсан, бүрэн бус цохиурыг үнэтэй зарах гэж хичээдэг. Ийм цохиур ихэвчлэн хэрэглэхэд хэтэрхий хуучирсан байдаг. Бүрэн бүтэн, чанарын хувьд шаардлага хангахаар цохиурыг JSL гольф клуб дээр хичээл зааж байгаа багш нарт үзүүлээд тэнд байгаа сонирхогчдод санал болгуулах боломжтой. Эсвэл фэйсбүүк зарын групп, зарын сайтуудаар тавьж зарж болно.

Тэмцээн, уралдаанд яаж орох вэ?

Жилийн тэмцээн уралдааны зар веб сайтын “Тэмцээн – Тэмцээний хуваарь” хэсэгт орсон байгаа. Үүнээс гадна бусад спонсор байгууллагуудын тэмцээн бас болдог. Бүртгэлийн зар веб хуудас, фэйж хуудсаар тавигддаг бөгөөд онлайнаар бүртгэл хийгддэг. Тухайн тэмцээний онцлогоос шалтгаалаад хандикапын шаардлага тавих, зөвхөн гишүүд орох, эсвэл нээлттэй тэмцээн байж болно. Мөн тэмцээн явуулж байгаа талбайн заавал хангах шаардлага тавигдаж болно.

Танай screen golf ажиллаж байна уу? Өрөө байна уу? Захиалга өгье.

Монголын Гольфийн Холбоо screen golf клубуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах бодлоготой. Холбооны ямар нэг screen golf байхгүй. “Анхлан сонирхогч – Screen golf” булангаас үйл ажиллагаа явуулдаг газруудын мэдээллийг авна уу.

Хүүхдээ гольфийн спортоор хичээллүүлэх гэсэн юм. Хаана хандах вэ?

Веб сайтын “Анхлан сонирхогч – Сургалт” хэсэгт мэдээлэл орсон багш нар бүгд хүүхэдтэй ажиллах, сургалт орох үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр багш нартай холбогдон хүүхдэдээ сургалт авах боломжтой. Хүүхдийн screen golf-ийн тэмцээн, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохиогддог. Өсвөрийн гольфчдын дунд олон улсын тэмцээнүүд мөн явагддаг бөгөөд МГХолбооноос бүртгэл, квотын асуудлыг хариуцан ажилладаг.

Монгол Улсын Сонирхогчийн Гольфийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хэзээ болдог вэ? Гадаад улсаас очих оролцох гэсэн юм. Боломжтой юу?

Улсын аварга шалгаруулах тэмцээн нь нээлттэй тэмцээн бөгөөд гадаад, дотоодын бүх тоглогч оролцох боломжтой байдаг. Гадаад улсаас ирж зочин тоглогчоор оролцох бүрэн боломжтой. Улсын аварга шалгаруулах тэмцээний үр дүнгээр Ази Номхон далайн сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тоглогч шалгардаг.

Тэмцээн ихэвчлэн 7-8 сард зохиогддог бөгөөд жил бүрийн 6 сарын 1 гэхэд тэмцээний тов, удирдамж холбооны веб хуудас болон, фэйсбүүк хуудас дээр тавигддаг.

Монголд гольфийн спортоор хэдэн хүн хичээллэдэг вэ?

Гольфийн спортыг сонирхдог 4000 гаруй хүн байдгаас тоглодог 400 гаруй, холбооны гишүүнчлэлд 230, байнгын идэвхитэй хичээллэдэг 130 гаруй хүн байна.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.