Монголын Гольфийн Холбоо гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Монгол улс дахь гольфийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн гишүүдээ сургах, тэдгээрийн чадавхыг нэмэгдүүлэх, гишүүдийн энэ эрх, үүргийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гольф сонирхогчийг хичээллүүлэх, гольфийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний багш, дасгалжуулагч, тамирчид бэлтгэхийг үндсэн зорилго болгоно.
Холбооны гишүүн болсноор үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох, холбооны аливаа албан тушаалд сонгогдон болон томилогдон ажиллах, санал, хүсэлтээ зохих журмын дагуу илэрхийлэх, шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн аливаа ажил санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх санал гаргах, үнэлүүлэх, гадаад болон дотоодод зохион байгуулагдах төрөл бүрийн уралдаан тэмцээн, арга хэмжээнд давуу эрхтэйгээр хамрагдах, өөрийн болон бусдын хариуцсан ажлыг сайжруулах талаар санал гаргах эрхтэй.
Холбооны эрхэм зорилго, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болсон тохиолдолд дүрэм, журам, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх.
Холбооны нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлж, бусдыг үлгэрлэн дагуулах.
Гишүүн нь холбооны гишүүнчлэлийг өргөтгөх зорилгоор байгууллагын дотоодод болон гадаадад зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ, сургалт, тэмцээн зэрэгт сонирхогч урин ирүүлж болно.
Олсон мэдлэгээ бусадтай нээлттэй, чөлөөтэй хуваалцах.
Гишүүн нь байгууллагын нэр хүнд, гольфийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх, үл хүндэтгэсэн, ёс зүйгүй аливаа үйлдэл хийхийг хориглоно.
Холбоо нь өөрийн үйл ажиллагааг сурталчлах, гишүүнчлэлийг өргөтгөх зорилгоор бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу аливаа сонирхогч иргэдэд хэзээд нээлттэй байж, тэдэнд үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах боломжоор хангана.
Холбооны эрхэм зорилго, тунхаг, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүн болох хүсэлтэй хүн сайн дурын үндсэн дээр тухайн жилийн гишүүний хураамжийг төлснөөр элсэж болно.
Холбоо нь сургалт, бусад холбоодтой уулзалт тэмцээн уралдаан зохион байгуулах замаар хувь хүн, гишүүдийн гольфийн ур чадварыг нэмэгдүүлэх, өөрсдийн авъяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжийг хангаж, гишүүдийн өмнө тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.